• 2020-04-03
  • 2779.01 USD

26/03/2020 15 0

БАЙР СУУРЬ: Сонгууль хойшлох нь зөв үү ? буруу юу? | ДААМ.МН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах тухай уриалгыг өчигдөр /2020.03.25/ гаргасан. Уг уриалгыг улс төрийн намууд дэмжих эсэх талаар байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн, ШИНЭ Эвсэлийн дарга Ж.Батзандан: УИХ-ын сонгуулийг хойшлуулах Ерѳнхийлѳгчийн саналыг ШИНЭ нам, ШИНЭ эвсэл дэмжиж байна

Дэлхийн хэмжээнд цар тахал нэмэгдсээр байна. Олимп хүртэл хойшилсон. Дэлхийн улс орнууд эдийн засгийг хэвийн үргэлжлэх ямар ч боломжгүй болсон. Онцгой байдлын үед хэрэгжүүлдэг Цэргийн эдийн засаг бодлого авч хэрэгжүүлнэ гэж дэлхийн улсууд зарлаж байна. Итали, Испани , Америкийн эмч нар уйлж байна. Титэм вирусыг хязгаарлах чадвар, чадамж хомс байна . Өдрөөс өдөрт хүндэрч байна. Дэлхийн хэмжээнд нас барагсдын тоо 400 мянгад хүрлээ. МУ-д гадаадаас ирсэн онгоц бүрээс халдвар илэрч байна. Ийм онцгой нөхцөл байдалд бид онцгой арга хэмжээ авах ёстой. Хэвийн горимоор явах боломжгүй. Улс төр ч хэвийн горимоор явах боломжгүй. Онцгой байдлын үед онцгой арга хэмжээнүүд авагдах ёстой. МУ-ын ЗГ одоо эдийн засаг, улс төрийнхөө онцгой нөхцөл рүү орох ёстой.


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ЭСЭХ БҮРЭН ЭРХ НЬ УИХ-Д БИЙ 

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэхийг Ерөнхийлөгч уриалга гаргаад шийдчихдэг зүйл биш. Сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг. УИХ-ын түвшинд ярьж шийддэг асуудалд нэг хүн уриалга гаргаад шийдэх боломжгүй. Нөгөөтэйгүүр, коронавирусийн халдварын тархалт УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдалд хүрсэн үгүй эсэхийг тооцоо судалгаа, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох зэргээр асуудалд олон талаас нь хандах ёстой. Үүний  дараа УИХ шийдвэрээ гаргана.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ШИЙДВЭР ГАРГАНА 

Ерөнхийлөгчийн гаргасан уриалгатай холбоотойгоор манай намын Улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргана. Наана нь дан дангаараа байр суурь илэрхийлэхгүй.

  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГА ДОТОР НЬ ХЭД ХЭДЭН НОЦТОЙ ҮГ, ӨГҮҮЛБЭР БАЙНА

-Өнөөдөр МАН-ынхан ажлаа хийхгүй, сонгуульд бэлтгээд явж байна. Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Өнөөгийн онцгой байдалд УИХ ээлжит бус чуулганаа яаралтай зарлах ёстой байтал гишүүд нь орон нутагт сонгуульдаа бэлтгэж байна. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын сонгуулийг намар хүртэл хойшлуулаад өнөөдөр нэг ч гэсэн иргэн, ААН-ийг зээлийн дарамтад оруулахгүйн тулд УИХ яаралтай шийдвэр гаргах ёстой гэдгийг бид өмнө нь телевизийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан.

У.Хүрэлсүхийн Засгийн газар вирусийг оруулж ирэхгүй барьж байгаа нь сайн хэрэг, нөгөө талд УИХ-ын гишүүд нь ажлаа хийж төсөвт тодотгол хиймээр байна. Хүндрэлтэй энэ үед эрүүл мэндээс гадна эдийн засгийн хүнд байдалд оруулахгүйн тулд шаардлагатай бодлого шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй. Энэ утгаараа УИХ ажлаа хийж, сонгуулийг хойшлуулахыг бид уриалж, санаачилж  байна.

Ерөнхийлөгчийн уриалгын тухайд дотор нь хэд хэдэн ноцтой үг, өгүүлбэр байна. Тухайлбал, “Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна” гэсэн нь Ерөнхийлөгч онцгой нөхцөл байдлыг далимдуулж төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн нь ардчиллыг устгах гэсэн санаа цухалзаж байхыг үгүйсгэхгүй. Дэлхийн олон оронд байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдлыг далимдуулж төрийн эрх мэдлийг авсан тохиолдлууд цөөнгүй бий. Ийм байдал үүсэх вий гэдгээс болгоомжилж байна. УИХ-ын шийдэх бүрэн эрхийн асуудалд нэг хүн хандах нь ардчиллын эсрэг үйлдэл.

ХҮН-ын дарга Б.Найдалаа: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГАТАЙ ТАНИЛЦАЖ АМЖААГҮЙ БАЙНА

Ерөнхийлөгчийн гаргасан саналтай танилцаж амжаагүй байна. Цогц асуудал учраас сайтар судлах шаардлагатай.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: АРД ТҮМЭН НЭГ ӨДРИЙН ӨМНӨ Ч БОЛТУГАЙ 60 ТЭРБУМ, ЖДҮ-ГИЙН ХУЛГАЙЧДААС САЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

-Ард түмэн нэг өдрийн өмнө ч болтугай 60 тэрбум, ЖДҮ-гийн хулгайчдаас салъя гэж байхад Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан нь зохисгүй. Өмнө нь Ерөнхийлөгч хоёр ч удаа УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал хүртэл гаргаж байсан. Гэтэл өнөөдөр хойшлуулах санал гаргасан нь гайхшрал төрүүлж байна. Нөгөөтэйгүүр одоогоор нөхцөл байдал хүндрээгүй байна. Агаарын хилээ хааж, дотоод хяналтаа сулруулж хэвийн үйл ажиллагаанд оруулахгүй бол эдийн засаг, улс орны нөхцөл байдал хүндрэх нь. Гадаадаас иргэдээ авчирч байгаа атлаа дотроо чангалаад байгааг ойлгохгүй л байна.

Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРЧ БОЛОМГҮЙ ҮГ ХЭЛЛЭГ, УРИАЛГА ДОТОР НЬ БАЙНА 

-Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй. Хуулиа мөрдөөд явах ёстой. Одоогоор нөхцөл байдал хүндрээгүй. Ерөнхийлөгчийн уриалга дотор хэд хэдэн ноцтой эшлэлүүд байна. Онц байдалд хэмнэлт гаргая гэдэг ч юм уу. Бусад үед нь хэмнэлтгүй байх ёстой юм уу. Авлига хээл хахууль,  шүүх засаглалын шударга байдал, худал хуурмагтай тэмцээч гэдгийг олон нийт хүсч байгаа. Хоёрдугаарт, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн нь дарангуйлал. Үндсэндээ Ерөнхийлөгчөөс гарч  боломгүй үг хэллэг, уриалга дотор орсон нь ур чадваргүй, бодлогогүй үйлдэл гэж харж байна. Ерөнхийлөгч Монголын ард түмний үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд уриалгаа гаргахаас өмнө улс төрийн намуудтай уулзаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдэх ёстой. Гэтэл зөвхөн өөрийнхөө бодлоор асуудалд хандаж байгаа нь зохисгүй. Энэ нь өөрийн байр сууриа бусдад тулгаж байгаатай агаар нэг үйлдэл. Үүний үрээр сонгогчдыг хувааж, талцуулж байгаад харамсч байна.

БНН-ын Б.Жаргалсайхан: СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

-Зөвхөн санал төдий асуудал биз дээ. Эцсийн шийдвэр биш. Сонгуулийг хойшлуулахгүй байлгүй дээ. Ерөнхийлөгч ямар ч санал гаргаж болно. Заавал дагах албагүй.

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГЫГ ДЭМЖИЖ БАЙНА

-Цар тахлын үед олон нийт рүү чиглэсэн аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Токио-2020 зуны олимп хүртэл хойшлогдлоо. Тиймээс олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөгөөнүүдийг дагасан нь дээр. Ерөнхийлөгчийн саналаас харахад төр засагт мөнгө байна гэдгийг хэлж байна. Төсөв тодотгох шаардлагатай гэж хэлсэн нь сонгуульд зориулсан үргүй зардлуудыг танаж хямралд өртсөн ард иргэд рүүгээ чиглүүлэх уриалгыг нь дэмжиж байна.

Нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулдаг мөнгө нь ойролцоогоор 500 сая төгрөг. Энэ утгаараа цар тахлын үед авах санал санаачилгыг Ерөнхийлөгч гаргалаа гэж ойлгож байна. Уг нь олон нийт рүү хандах гэхээс илүүтэй ҮАБЗ-ийн гурван гишүүн гэж бий. УАБЗ дэх МАН-ын хоёр гишүүн нь УИХ-ын сонгуулийг цаг хугацаанд нь явуулах сонирхолтой нь тодорхой.

Холбоотой мэдээ

Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 сараар хойшлуулна

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зор

03/04/2020

COVID-19 халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах, сурталчлах нь нэмэгджээ | ДААМ.МН

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын ДЭМБ-аас өгсөн м

03/04/2020

Орхон аймаг ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын авто машинтай боллоо | ДААМ.МН

Хойд бүсийн төв болох Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэ

03/04/2020