• 2020-05-25
  • 2801.2 USD

УИХ-ын хаврын чуулган ХОЙШЛОХ УУ ? ДААМ.МН

31/03/2020 112 0

УИХ-ын хаврын чуулган жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийдэг уламжлалтай. Гэхдээ энэ удаад хаврын чуулганыг анх удаа дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн Даваа гаригт цахимаар эхлүүлэхээр төлөвлөсөн. Дэлхийн 202 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн, Монгол Улсад 12 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нь бүрэн эдгэрээд буй. Коронавирустай холбоотойгоор нэг дор олон хүнийг цуглуулахгүй байх, хүмүүс хоорондоо нэг метрээс бага зайд харилцахгүй байх зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмж гарсантай холбоотойгоор хаврын чуулганыг цахимаар хуралдуулах шийдвэрийг УИХ-ын дарга  өнгөрсөн долоо хоногт гаргав.

Ингэснээр  хаврын чуулганы нээлтийг нэгдсэн хуралдааны том танхим болон Төрийн ордны А, Б, В, Г танхимаас гадна “Нээлттэй сонсголын  танхим”-д зэрэг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байгаа юм.

Цаашид Ажлын хэсэг болон Байнгын хороодын хуралдааныг дээрх танхимуудад онлайнаар хуралдуулах боломжтой гэж үзэж буй. Ингэхдээ нэг танхимд 20-оос илүү гишүүн байлгахгүй бөгөөд хоорондын зайг ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу 2-3 метрийн зайд суулгахаар бэлтгэж буйгаа УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн. Энэ нь манай улсын хувьд парламентын чуулганаа цахимаар хуралдуулах анхны тохиолдол болох юм.

Энэ хаврын чуулганы үргэлжлэх хугацаа өмнөхөөс богино байхаар байна.  Тодруулбал,  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу аливаа чуулган гурван сарын хугацаанд үргэлжилдэг. Энэ нь нийт 90 хоног болдог бол удахгүй эхлэх хаврын чуулган 40-45 хоног хуралдах нь тодорхой болжээ. Учир нь, УИХ-ын ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар болсон. Ингэснээр СЕХ-ноос сонгууль зохион байгуулах төлөвлөгөөг баталсан. Үүний дагуу холбогдох байгууллагууд сонгуулийн бэлтгэл ажилдаа   аль хэдийнэ орсон.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуульд оролцох улс төрийн намууд гуравдугаар сарын 25-нд багтан сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталгаажуулан Үндэсний аудитын газарт хүргүүлэх учиртай. Үүний дагуу өдгөө улс төрийн 12 нам, дөрвөн эвсэл сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө аудитад хянуулахаар хүргүүлээд байгаа билээ. Үндэсний аудитын газрынхан дээрх мөрийн хөтөлбөрүүдийг сарын хугацаанд хянаснаар хуульд нийцсэн эсэх дүгнэлт гарган, СЕХ-нд хүргүүлнэ. Харин СЕХ-ноос уг дүгнэлтэд үндэслэн тухайн нам, эвслийг сонгуульд оролцуулах эсэх шийдвэрээ гаргах юм.

Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын дэгдэлт намжаагүй ч манай улсад одоогийн байдлаар ээлжит сонгуулийг хойшлуулах нөхцөл үүсээгүй хэмээн албаныхан хэлж буй.

Энэ жил сонгуулийн жил учраас хаврын ээлжит чуулганы хуралдах хугацаанд өөрчлөлт орох буюу нийт хугацааныхаа тал хувьд хуралдахаар болж байна. Гэхдээ энэ нь аливаа хууль дүрмийг зөрчихгүй бөгөөд   Үндсэн хуулийн дагуу дараачийн Засгийн газрыг бүрдүүлэх явц гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс онцолж байгаа юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт  оруулсан. Үүнээс өмнө буюу 1992 онд  Үндсэн хуулиа өөрчилснөөр  төрийн байгууламжаа шинэчлэн байгуулж байсан.  2020 онд яг үүнтэй адил нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл, бид энэ оны тавдугаар сарын 25-нд Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө. Тиймээс энэ хаврын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуулиа батлах ёстой.

Ээлжит сонгууль болохоос өмнө бид энэ хуулиудаа Үндсэн хуульдаа нийцүүлэн баталж байж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ, Засгийн газар үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай болох юм. Энэ мэтээр нэн шаардлагатай хуулиудаа батлаад, хаврын чуулган завсарлахаар байна. Энэ нь мэдээж ээлжит сонгуультай холбоотой. Хаврын чуулганыг ирэх сарын 6-нд нээнэ. Харин чуулганыг хаах цаад хугацаа ирэх  тавдугаар сарын 20 байх болов уу. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван сар хуралдах боломжгүй буюу 40-45 орчим хоног хуралдахаар байна” хэмээн онцлов.

Түүний хэлснээр, энэ хаврын чуулганы үргэлжлэх хугацаа бусдаасаа бараг 50 хувиар бага байгаа учраас нэн шаардлагатай буюу хүлээлттэй буй хуулиудаа батлаад, өндөрлөх нь тодорхой байгаа юм. Харин чуулганы хуралдааныг цахимаар зохион байгуулах талаарх зохицуулалт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд байхгүй. Тиймээс цахим хуралдааныг онцгой нөхцөлд хийх тул түүндээ тохирсон тусгай зохицуулалт шаардаж байгаа юм. Энэ тухайд УИХ-аас ажлын хэсэг гарсан бөгөөд холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ.

Тухайлбал, хурууны хээгээр ирц, санал хураалтад яаж оролцох, хэлэлцэх асуудлын материалыг хэрхэн хүргүүлэх, зайнаас ямар байдлаар оролцох, үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ дараалалд хэрхэн орох болон хориглох зүйл гэх мэтийг тодорхой заах зайлшгүй шаардлага үүссэн байна. Тийм учраас Цахим хуралдааны дэгийг тогтоосон нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нарын  гишүүн ажиллаж байгаа ажээ. Уг  төслийн талаар хэлэлцүүлэг хийж, гишүүдээсээ санал авснаар УИХ-ын даргад өргөн барьж, Байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлахаар болжээ.

Түүнээс гадна хаврын чуулганыг хүлээж буй, чуулганаар батлах шаардлагатай олон хуулийн төслүүд хүлээгдэж байгаа. Харин энэ удаа цахимаар хуралдах чуулган юу амжуулж, хийж чадах бол. Цахимаар хуралдаан явуулахад төвөгтэй нөхцөл үүсч магадгүй учраас ээлжит чуулганыг тодорхой хугацаагаар хойшлуулах шаардлага ч үүсч магадгүй хэмээн эрх баригчид ярьж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

“С.Эрдэнэт+49” хувь буюу тойргоор хүчиндэгч нарыг зүгээр орхихгүй| ДААМ.МН

АН-ын 100 сая төгрөгийн босгыг давж, нэр дэвшихээр горилж байсан 200 орчим горилогчдоос дөнгөж 30 г

22/05/2020

Ц.БАТТУЯА: ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДАД ХАР ЖАГСААЛТ НӨЛӨӨЛӨӨД ЭХЭЛЛЭЭ

"Сэрэх цаг" CHALLENGEЦ.БАТТУЯА: ГАДААДАД БАЙГАА #МОНГОЛЧУУДАД #ХАРЖАГСААЛТ НӨЛӨӨЛӨӨД ЭХЭЛЛЭЭ. Энэ б

20/05/2020

Ц.Бумцэнд: Нийтийн хоолны тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэн 100 хувь хангах боломжтой

Нэвтрүүлэг үзэх: https://youtu.be/l4zcOlvvVnQ Монгол Улс нийтийн хоолны тоног төхөөрөмжөө ө

20/05/2020