
Өнөөдөр /2020.04.14/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийсэн. Энэ үеэр өчигдөр хийсэн 502 шинжилгээний 13-ынх нь хариу эерэг гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлсэн.
Нэг дор бүртгэгдсэн эдгээр 13 тохиолдол нь ОХУ-аас орж ирсэн 19-23 насны оюутнууд юм байна.
Алтанбулагийн боомтоор дамжин ОХУ-аас автобусаар ирсэн хүмүүсийг тусгаарлаад байсан билээ. Тэдний дундаас нэг оюутны шинжилгээ эерэг гарч, батлагдсан. Иймд түүний ойрын хавьтал болох 31 хүнийг илрүүлэн шинжлэхэд 13-аас нь коронавирус илэрчээ.
“Энэ 13 тохиолдлын биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Харин дийлэнхий нь хувьд халдварын шинж тэмдэг балархай, нууц үедээ явж байгаа. Нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан оюутан. Тэд бүгд нэг сургуульд сурдаг байсан” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.