
Увс аймгийн Тариалан суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Бургастай багийн “Сүүж” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 29 км-т өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 13:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар Одон орон Геофизикийн судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар 14:03 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хадаахүүгээс тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна.