Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргажээ | DAAM.MN

08/10/2020 100
Ардчилсан намын бүлэг Дарханы сонгогчдын эрх зөрчигдсөн асуудлыг Ерөнхийлөгчид уламжлав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбогдуулан Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргажээ. Гомдлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөл Ерөнхийлөгчид  өнөөдөр /2020.10.08/ өргөн барилаа.
Учир нь, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын сонгуулийн хандивын тайланг тус аймаг дахь Төрийн аудитын газар баталгаажуулаагүй учраас сонгуульд оролцох боломжгүй болжээ. Уг гомдлын дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг Сонгуулийн ерөнхий хороонд мөн шаардлага хүргүүлэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат  “Орон нутгийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Гэтэл Дархан-Уул аймагт нэр, хэлбэр төдий сонгууль болох нь. Энэ бүхнийг урьдаас төлөвлөж, зохион байгуулсан гэж бид үзэж байна. Энд Дархан-Уул аймгийн иргэдийн сонгох, сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, эрх баригч нам өрсөлдөгчгүйгээр дангаараа сонгуульд оролцох нөхцөл бүрдүүлсэн байна” гэсэн юм.
Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас гаргасан гомдолд, “Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэр нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дэх хэсгийг зөрчсөн, Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцээгүй гэж үзэж байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулж, Дархан-Уул аймгийн 110 мянга гаруй сонгогч, АН-ын 10 мянга гаруй гишүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэлд арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Холбоотой мэдээ

Д.ПҮРЭВДАВАА: Гэр хорооллыг гадуурхан орхисны дүнд Улаанбаатар хот эрс тэс хоёр хэсэгт хуваагджээ | DAAM.MN

  НИТХ-ЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД БЗД-ИЙН 7-Р ТОЙРОГТ АН-ААС НЭР ДЭВШИГЧ ДАВААХҮҮГИЙН П

13/10/2020

Төсвийн зарлагыг Япон улсаас ирэх зээлээр нөхнө | DAAM.MN

  Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэрээ 230

08/10/2020