АСА АВАРГА АХ Д.СУМЪЯАБАЗАРТАЙГАА НИЙЛЭН БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШИХ УУ | DAAM.MN

20/10/2020 365

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах нь тодорхой болжээ

Банкны хувьцаа эзэмшигчид байсан мөнгөө өөрсдөө хувааж зээлэн, чанаргүй зээлдэгчид болцгоосныг АТГ-аас шалгаж байна

Улс төр, бизнесийн томчууд нийлж, банк дампууруулж, тэнд байршиж байсан төрийн, иргэдийн мөнгийг “залгидаг” бохир технологи Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хэрэгжиж, дуусжээ.

Тодруулбал, тус хоёр банканд төрийн гэх тодотголтой 120 гаруй тэрбум төгрөг хадгалагдаж байсан боловч эзэд нь өөрсдөдөө болон УИХ-ын нэр бүхий гишүүд, бизнесийн томчуудад эргэн төлөлтгүй, хүүгүй, чанаргүй зээл хэлбэрээр “тараагаад” дууссан гэнэ. Улмаар актив буюу эргэлтийн хөрөнгөгүй болж, улсын мөнгийг гаргаж өгч чадахгүйгээр дампуурах шатандаа орсон ажээ. Тиймээс Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал, хувьцаа эзэмшигчид, нягтлан зэрэг удирдах шатны хүмүүсийг АТГ тэргүүтэй холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгааг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дампуурлын ирмэгт ирсэн Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс таван толгой”ХК-ийн 28 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум, “Таван толгой”ХК-ийн 10 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, НДЕГ-ын таван тэрбум, Хөгжлийн банкны нэг тэрбум, Сангийн яамны хоёр тэрбум, Албан журмын даатгагчдын холбооны 1.7 тэрбум, ЖДҮХС-гийн  1.4 тэрбум гээд төрийн өмчит компани, яам, агентлаг, сангийн нийт 120 тэрбум байршиж байсан аж. Гэвч тус хоёр банкны эзэд нь энэ мөнгөнөөс өөртөө, хамаарал бүхий этгээддээ, улс төрийн өндөр албан тушаалтнуудад банкны зээлийн зарим хууль, дүрэм зөрчөөд олгочихсон. Улмаар тэр зээлүүд нь чанаргүй зээл болж, эргэн төлөгдөхгүй байгаа учраас төрийн байгууллагууд хадгалуулсан мөнгөө гаргаж авч чадахгүй гацаанд ороод байгаа нь шалгалтын явцад илэрч эхэлсэн аж. Гэхдээ үүнийг олон нийтээс ихээхэн нууцалж буй бололтой.

Арилжааны 13 банкнаас хамгийн жижигт тооцогддог буюу банкны зах зээлийн 0.7 хувийг эзэлдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, 1.1 хувийг эзэлдэг Чингис хаан банкыг сонгож, төрийн энэ их мөнгийг байршуулсан байсан нь өнөөх дампууруулах ажиллагааны нэг хэсэг гэж болно.

Банкны хувьцаа эзэмшигч эзэд нь улс төрийн нөлөөлөл, эрх мэдлээ ашиглан төрийн өмчийн компани, яам, сангийн мөнгүүдийг банкандаа байршуулаад, улмаар зээл нэрээр өөрсдөдөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хүүгүй тараагаад эцэст нь дампууруулж орхидог. Тэр нь илэрвэл хохирлоо барагдуулахгүй явсаар торгуулж, эсвэл хэдхэн жил хоригдсон болоод гараад ирдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ЭМДЕГ-ын 136 тэрбум, НДЕГ-ын 104 тэрбум төгрөг гээд төрийн 29 байгууллагын 562.6 тэрбум төгрөгийг хадгалж байгаад дампуурсан “Капитал” банкны хэрэг. Энэ хэрэг өнөө ч эцэслэгдээгүй байгаа. Тэгвэл яг энэ түүх “Чингис хаан” банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд давтагдах бололтой. Тэгвэл Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг хэн хэн эзэмшдэг, хэн нь хэдэн төгрөг зээлсэн,  улс төр, бизнест ямар холбоо сүлбээтэй, “хэний” хүмүүс болохыг судалж үзье.

68 тэрбум төгрөгийн зээлтэй “Чингис хаан” банкны эзэд хэн бэ

Төрийн мөнгийг “залгиад” хэзээ мөдгүй дампуурах гэж буй “Чингис хаан” банк нь 2001 онд ОХУ-ын санхүүжилтээр байгуулагдсан. Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалттай банк гэгддэг. Улмаар 2015 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай болж өөрчлөгдсөн. “Чингис хаан” банк нь одоо “Нью стандарт финанс” ХХК-ийн 100 хувь эзэмшилд байдаг. Харин “Нью стандарт финанс”ХХК-ийг Д.Батаа 40 хувь, Ш.Бүтэд 32 хувь, Ц.Баярсайхан 28 хувь эзэмшдэг бөгөөд “Чингис хаан” банкны эзэд гэсэн үг.

Хачирхалтай нь “Чингис хаан” банкны гол чанаргүй зээлдэгчид нь эзэд нь өөрсдөө. Тухайлбал, хамгийн их хувьцаа эзэмшигч Д.Батаа найман тэрбум, Ш.Бүтэд 30 тэрбум, Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй байна. Тэд нийлээд 68 тэрбум төгрөгийг банкнаасаа буюу төрийн хадгалуулсан мөнгөнөөс зээлээд чанаргүй зээл болгож орхижээ.

Тус банкны үйл ажиллагаа өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас доголдож, дампуурлын дохио өгч эхэлсэн байдаг. Энэ үеэс харилцагчдынхаа гүйлгээг удаах, хойшлуулах, саатуулах зэргээр байнга хэл аманд өртөж эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сараас хадгаламж эзэмшигч нарынхаа мөнгийг гаргаж өгч чадахгүй хэмжээнд хүрсэн. Тус банканд мөнгөө хадгалуулаад авч чадахгүй хохирсон иргэдийн холбоо хүртэл байгуулагдсан бөгөөд нийт 11 тэрбум төгрөгийн асуудал одоо ч яригдаж буй.

Түүнчлэн Чингис хаан банкны энэ оны нэгдүгээр улирлын тайланг нь харвал нийт хөрөнгө нь 372.1 тэрбум, өр төлбөр нь 360.8 тэрбум, нийт олгосон зээл нь 254.9 тэрбум төгрөг,  чанаргүй зээл нь 39 тэрбум төгрөг байна. Үүнээс харвал тус банкны актив нь өр төлбөрөө төлж чадахгүй хэмжээнд хүрчихсэн, товчхондоо дампуурч буй юм. Мөн “Чингис хаан” банк анх зургаан салбартай байсан ч таван салбараа татан буулгаж, өдгөө нэр төдий ганц салбар нь л NCF барилгад байрлаж буй.

“Чингис хаан” банкны хамгийн их хувьцаа эзэмшигч буюу 40 хувийг эзэмшдэг Д.Батаа гэгч нь “Стандарт” Батаа нэрээрээ, газрын наймаа, авлига хээл хахуулийн хэргээрээ эртнээс алдартай нэгэн. Тодруулбал, тэрбээр УИХ-ын дарга асан М.Энхболдын хотын фракцын хүн гэгддэг бөгөөд 2004-2010 онд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуух газруудыг өөрийн болгож, эзэн суусан. Тухайлбал, 2004 онд М.Энхболдыг хотын дарга байх үед Туул гол дагуу барилга барих 15.6 га газрын зөвшөөрөл авч, улмаар 2010 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяраар газрын зөвшөөрлөө 23.2 га болгон нэмүүлсэн гэдэг. Улмаар Туул голын бургасыг хядаж, үнэтэй тансаг орон сууц барьсан, өдгөө ч барьсаар байгаа. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь Туул голын эрэг дээр сүндэрлэсэн “Хан Хилсс” хотхон бөгөөд түүнийг Д.Батаагийн “Стандарт групп”ХХК-ийн охин компани болох “Могул ибиз”ХХК барьж байгуулсан.

Туул голын бургасыг хядаж, тансаг сууц барих ажлыг эхлүүлсэн Д.Батааг аль ч засгийн үед зогсоох хүн олддоггүй нь улс төр дахь нөлөөлөлтэй нь холбоотой биз. Тухайлбал, тэрбээр М.Энхболдын хүрээлэлд багтахаас гадна Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатарын баз хүргэн. Д.Батаа, Н.Хүрэлбаатарын хамт 2011 онд алдарт “сейф”-ны хэрэг буюу эх сурвалж нь тодорхойгүй 600 сая төгрөгийн хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Товчхондоо МАН-ын хүн. Тэрбээр одоо өөрийн эзэмшилд байдаг “Чингис хаан” банканд найман тэрбум төгрөгийн зээлтэй. Мөн “Нью стандарт” гэх компанийн нэр дээр долоон тэрбум төгрөгийн зээл бий.

Харин Чингис хаан банкны 32 хувийг эзэмшдэг Ш.Бүтэдийн хувьд гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэртийн охин. Б.Шүхэртийнхэн гэр бүлээрээ “Нүүдэлчин” группыг эзэмшдэг бөгөөд Ш.Бүтэд ТУЗ-ийн даргаар нь ажилладаг. Улс төр дахь нөлөөллийн хувьд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч. Мөн УИХ-ын гишүүн асан, БСШУС-ын сайд асан, АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярын хадам эгч. Ё.Отгонбаярын ах Ё.Баярсайхан нь 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багт ажиллаж байжээ. Тиймдээ ч “Эрдэнэт” үйлдвэр мөнгөө Чингис хаан банканд хадгалуулж байсан байж болзошгүй. Олон охин компанитай “Нүүдэлчин” группын ТУЗ-ийн дарга, “Чингис” хаан банкны хоёр дахь том хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд банкнаасаа 30 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй байна.

Харин 28 хувийг эзэмшдэг Ц.Баярсайханы хувьд тун нууцлаг нэгэн. Тэрбээр “Чингис хаан” банкнаас гадна Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг. Олон компанийн хувьцаа эзэмшдэг Ц.Баярсайханы ард түүний нөхөр Б.Батхүү гэгч нууц ноён байдаг гэх мэдээлэл бий. Б.Батхүү нь улс төрд ихээхэн нөлөөтэй, МАН-ын бага хурлын гишүүн, мөн “Ану сервис”, FMX, Степ голд зэрэг хэд хэдэн компанитай нэр холбогддог гэхээс өөр мэдээлэлгүй нэгэн. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сард Тэрэлжид байрлах “Red rock” амралтын газарт гэр бүлээс гадуур харилцдаг 27 настай эмэгтэйгээ зодож, хүнд гэмтээсэн дуулианд холбогдсон. Түүнчлэн Дорнод аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай “Степ голд” ХХК-ийн 16 хувийг худалдаж авсан хэмээн олны анхааралд орж байсан.

Ц.Баярсайхан нь Чингис хаан банканд 31 тэрбум төгрөгийн зээлтэй бөгөөд энэ мөнгөөр нөхөр Б.Батхүү нь “Степ голд” ХХК-ийн хувьцаа худалдаж авсан байж болзошгүй гэх хардлага бий.

Түүнчлэн “Чингис хаан” банк төрийн өмчит компани, яам, сангийн мөнгийг хадгалахын тулд эрх мэдэлтнүүдэд авлига өгдөг байсан нь өнгөрсөн онд илэрч байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар 86 сая төгрөгийн авлига өгсөн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдож, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон байдаг. Хэргийг эргэн сануулвал, Ч.Алтанхуяг нь ЭМДЕГ-ын дарга байхдаа Чингис хаан банканд давуу тал бий болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийн тус банканд байршуулж, үүнийхээ хариуд “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржоос 86 сая төгрөг авсан нь тогтоогдсон. Улмаар шүүхээс Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг долоон сая төгрөгөөр торгосон. Харин ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуягийг төрд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торгосон байдаг.

Төрийн мөнгийг банкандаа байршуулахын тулд танил тал, улс төрийн нөлөөгөө ашигладаг, авлига хээл хахууль өгдөг нь энэ мэтээр тогтоогдсон байтал төрийн байгууллагууд мөнгөө татаагүй, байлгасаар байсан. Хэл аманд өртөхөөргүй жижиг банканд төрийн мөнгийг байршуулж, тэр мөнгийг эргэлдүүлсэн ашигнаас нь хувь хүртдэг төрийн эрх мэдэлтнүүд байдгийн нэг жишээ нь энэ болсон.

Ах дүүсийн банк буюу Үндэсний хөрөнгө оруулалтын банк

Дампуурлын ирмэгт ирээд буй Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь анх 2002 онд ОХУ-ын “Менател Санкт-Петербург”АХН банкны Монгол дахь салбар болж байгуулагдсан. Улмаар 2006 онд Монголбанкны 327 тоот тушаалаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк болсон. Өдгөө Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг Асашёрюү Д.Дагвадорж 56.9, түүний төрсөн ах Д.Сумъяабазар 15.9, Б.Баярсайхан 15.9, Ч. Маралмаа 5.3, Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC 5.7 хувь эзэмшдэг. Улсын байгууллагуудын их хэмжээний мөнгийг хадгалж байсан тус банкны гол чанаргүй зээлдэгчид нь мөн л эзэд нь өөрсдөө. Тухайлбал, Асашёрюү Д.Дагвадорж 12 тэрбум, Д. Сумъяабазар найман тэрбум, Б.Баярсайхан 14 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй. Тэд нийлээд 34 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын хэд хэдэн гишүүн болон УИХ, Орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдэд их хэмжээний зээл олгосон нь тогтоогдсон гэж эх сурвалж мэдээлсэн.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 56.9 хувийг эзэмшдэг Д.Дагвадоржийг монголчууд арлын Японы сумогийн их аварга, Асашёрюү гэдгээс нь бусдаар сайн мэдэхгүй. Харин тэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамгийн том хувьцаа эзэмшигчээс гадна Өвөрхангай аймагт байрлах “Asa land” хэмээх Монголд ганцхан, том жуулчны баазтай, газар тариалангийн компанитай, улсын цирктэй гээд олон бизнестэй нэгэн. Гэхдээ тэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкандаа 12 тэрбум төгрөгийн зээлтэй.

“АСА”аваргын төрсөн ах УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазарын нэг том бизнес нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Тэр 15.9 хувь буюу хоёр дахь том хувьцаа эзэмшигч. Тэрбээр энэ жилийн УИХ, орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдаж оролцсон. Энэ үедээ банкнаасаа найман тэрбум төгрөгийн зээл авсан нь анхаарал татаж буй.

Д.Сумъяабазартай ижил 15.9 хувийн хувьцаа эзэмшдэг Б.Баярсайханы хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Үндэсний хөгжлийн газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх том албан тушаал хашдаг.  2000-аад оны дунд, сүүлч үед буюу Асашёрюү Д.Дагвадоржийн мандаж байх үед Япон компанид ажиллаж байсан нь одоо ч түүнтэй хамтарч буйн сэжим болдог. Улмаар 2010-2014 онд НАМЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, 2010 оноос МАН-ын Бага хурлын гишүүн болсон. 2016 онд Үндэсний хөгжлийн газрын дарга болмогцоо нэг амины орон сууц, долоон нийтийн орон сууц, 78 сая төгрөгийн жилийн орлого, 520 сая төгрөгийн авлага, 10 гаруй компанийн хувьцаа зэргээрээ хамгийн баян агентлагын захирал нэр зүүж байсан. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 28 тэрбум төгрөгийн тодорхой хувь нь тус банканд байршиж байсан нь түүний ТУЗ-ийн дарга гэх нөлөөлөлтэй холбоотой байж болзошгүй. Тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 14 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй.

Тус банкны 5.3 хувийг эзэмшдэг Ч.Маралмаагийн хувьд Д.Сумъяабазарын хадам эгч. Өөрөөр хэлбэл, түүний дүү Ч.Мичидмаа нь Д.Сумъяабазарын эхнэр юм. Тэдний аав нь Монголын нэрт сийлбэрч Л.Чунгаамэд бөгөөд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимуудын ширээ, сандал зэргийг сийлж байсан гэдэг. Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC нь мөн тус банкны 5.7 хувь эзэмшдэг. Тус компани нь дөрвөн япон иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна.

Сонгуулийн жил хоёр банкны дампуурлаар дуусах уу?

Улстөрчид, бизнесийн акулууд үгсэн хуйвалдах замаар банк дампууруулж, тэнд байршиж байсан мөнгийг зээл нэрээр дээрэмдсэн тохиолдол өнгөрсөн 20 гаруй жил хэд хэд гарч байсан. Дурдвал, Анод, Зоос, Хадгаламж, Капитал гээд урт жагсаалт гарч ирнэ. Тухай бүрт нь иргэдийн, улсын өчнөөн тэрбум төгрөг дампууралтай нь хамт салхинд хийсч, алга болж байлаа. Нэг ёсондоо жинхэнэ томчуудын хийдэг, төрийн мөнгийг цөлмөх том хулгай нь банк байгуулаад дампууруулах. Банк дампууруулах боловсон хулгай энэ удаад Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд явагдаж буй нь дээрх баримтуудаар нэгэнт илж болж байна. Төрийн мөнгө гэдэг бол үнэндээ татвар төлөгчдийн мөнгө, байгалийн баялгаас бий болсон мөнгө. Гэвч цөөн хэдэн хүний халаасанд ороод, бизнесийг нь, улс төрийнх нь карьерийг тэтгээд, эцэст нь банк дампуурсан нэр зүүгээд алга болох нь.

2019 онд жижиг банкиуд тэр дундаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк 50.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байхад Монголбанк яагаад юу ч хийсэнгүй вэ, төрийн байгууллагууд яагаад эрсдлээ тооцож мөнгөө татах арга хэмжээ эртнээс авсангүй вэ. Татвар төлөгчдөөс, байгалийн баялгаас төрийн байгууллагуудад цугласан мөнгийг банканд байршуулаад, зээл нэрээр өөрсдөө хувааж аваад, эцэст нь дампуурсан нэр зүүлгээд хаях ашиг сонирхол хаа хаанаа байгаад байгаа юм биш үү.

Түүнчлэн энэ онд УИХ, Орон нутгийн сонгууль дараалан болсон. Дээрх хоёр банкны эзэд нь яагаад МАН-тай нягт холбоотой хүмүүс байна вэ. Эрх баригч МАН-тай хамаагүй байлаа гэхэд яагаад төрийн байгууллагуудын мөнгө энэ хоёр банканд хадгалагдаж байсан бэ. Сонгуулийн жил, банкны дампуурал хоёр давхцах нь жирийн нэг тохиолдол байж болох уу. Арай “Чингис хаан” банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байсан төрийн гэх тодотголтой 120 гаруй тэрбум төгрөг сонгуульд, нэр дэвшигчдийн санхүүжилтэд зарцуулагдаад дууссан юм биш биз. Үүний тулд дээрх хоёр банканд төрийн мөнгийг байршуулсан юм биш биз. Энэ мэт эргэлзээ дагуулсан маш олон асуултад Монголын хууль, хяналтынхан ямар хариулт өгөх бол.

Эх сурвалж: Эргэлт.мн 

Холбоотой мэдээ

Таны идсэн самарны ширхэгээр тэдний үхэл хэмжигдэнэ | DAAM.MN

Бүх мод шархтай үлдэж, шархаар нь хичнээн гадны биет орж амьдаар нь идэж устгах бол? Самарчид ядуу м

02/12/2020

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020

Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнийг хямдруулах, үнэгүй болгох боломжтой юу | DAAM.MN

Иргэдийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийг бууруулах тухай асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ба

02/12/2020