Г.Дамдиннямаа цагдаагийн толгойноос ганц үс унагаад, ганц төгрөгийн цалин хасаад үзээрэй | DAAM.MN

20/11/2020 270

Энэ бид хоёр улстөрч болтол зай ч байна, лай ч байна, тэр цагдаа зүгээр орхиорой, хөөе.

Канадад уул уурхайн мэргэжлээр сурсан залуу Дарханы тойрогт нэр дэвшсэнийг сонсоод урамшсаныг яана. Залуу хүн хөгжлийн зам засалцах гэж хэл үгтэй хэцүү салбарт зориглоод ороод ирлээ шүү гэж хаа хаанаа нээлттэй угтсан. Тэгсэн орчин цагийн хүн гэхэд манай Бат-Эрдэнэ аваргатай зүйрлэмгүй, өнгөрсөн зууны өгөр толгой болж таарлаа. Цагдаа намайг 30 минут саатууллаа гээд УИХ-ын танхимд Хууль зүйн сайдад хов зөөгөөд, хошуу унжуулаад зогсож байдаг энэ ямар цэцэрлэгийн хүүхэд үү? Цагтаа улсад завсаргүй 10 түрүүлсэн их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ УИХ-д анх орж ирээд, ярих гэж түгдчээд, ойлгох гэж оорцоглоод, нөгөө хэдэн парламентийн сэтгүүлчид л засч, залруулж, шоглож, шордсоор байгаад улстөрч болгож авсан юм даа. Аварга харин мэх даадагтайгаа адил үг даана, үйлдэл даана. Гэмгүй инээгээд л дөрвөн жил суралцсан даа. Дараагийн сонгуулиар дахин УИХ-д орж ирэхдээ чамбай болчихсон, ярина гэж яралзуулж, илтгэнэ гэж иш үзүүлж, сэтгүүлчид “Дуугүй гишүүн хэлд орлоо” гэлцээд бараг л өмнөөс нь баярлаж байсныг санадаг юм. Ийм нэртэй нийтлэл ч өдөр тутмын сонинд гарч байсан даа. Ямартаа Ерөнхийлөгчийн сонгуульд хэлэмгий Элбэгээтэй өрсөлдөөд, хэдхэн оноогоор хэцүүхэн тавиулж байхав. За бусад алдаа оноог нь орхиё. Гэтэл өнөөдөр шинэ залуу үеийн шижигнэсэн төлөөлөл, гадаадад боловсрол эзэмшсэн Дамдинням маань тас далийгаад, таг дүлийрээд явчихлаа. Цагдаад хоргоолгосон гэнэ ээ. Цааш нь хов зөөв. Цаанаас нь Нямбаатар “Цагдаад хариуцлага тооцно” гэж байх юм. Хөөе тэр цагдаа тайван орхиорой, та хоёр. Ганц үс толгойноос нь унагаад, ганц төгрөгийн цалин хасаад үзээрэй. Томроод, тодордоггүй энэ мэтийн гишүүдийнхээ зургийг томоос том хэвлээд цагдаа нартаа өгөөд гаргах юм уу, эсвэл? Та нарыг дөрвөн жилийн дараа сонгогдох ч юм уу, үгүй ч юм уу, парламентийн танхим орхиод гарахад наад цагдаа чинь зам дээр ажлаа хийгээд албаа үүрээд үлдэнэ шүү. Бас “Би УИХ-ын гишүүн хүн” гэчихжээ. Ёстой Дамдинням бид хоёрыг хүн болгон таньж, нохой болгон боргож, УИХ-ын жинхэнэ гишүүн, улстөрч шиг улстөрч болтол зай ч байна, лай ч байна. Төрийн түшээ юм бол “Улс амгалан хонов уу, цагдаа цэргүүд маань хувцас сайтай юу, цас орчихлоо, хэрэгтэй юм юу байна” гэдэг байгаа даа. Наана чинь Дархан аварга тулдаа данхайж суусаар байгаад алдаатай оноотой гишүүн болсон юм шүү. Нөгөө нэг танил инээдээрээ инээгээд л, эхэндээ ч үг гээлгүй бичээд уншаад суудаг байсан даа. Парламентийн босгоор алхаад орох азын сугалаа шиг амархан байж болно. Төр барьтлаа тохой хол, олны хайрыг харцтай нь даатлаа төө хол шүү. Парламентийн танхимд мөнхрөх гэж байгаа биш, пялдагадуулах юун дуртай юм. Гишүүн ч байсан, хэн ч байсан гишгэдэл болгоныг чинь хардаг хянадаг төртэй, түмэнтэй гэдгээ санаж яв хөөе. Цагдаатай заргалдаж байхаар уул уурхайн инжинаар юм бол 40 жилийн дараа урд хөршийн хэрэглээнээс шахагдах гээд байгаа энэ их нүүрсийг яахаа бодож технологи энэ тэр судалж, үнэ цэнэтэй байгаа дээр нь мөнгө болгоход мөнчгөрөө ажиллуулж, холбогдох хууль дүрмээ зохицуулдаггүй юм уу. Цаана чинь хятадууд 2060 он гэхэд нүүрсийг хэрэглээнээс бүрэн халж, carbon neutrallity технологид 100 хувь шилжинэ гэдгээ зарлачихлаа, Дамдинням аааа, Дамдинням ааааааа!

Зохиолч , сэтгүүлч Р.Эмүжин

Холбоотой мэдээ

Хүнсний талон, тусламжийг анхан шатны төрийн албан хаагчид авч байсныг илрүүлжээ | DAAM.MN

Хүнсний талон, тусламжийг зорилтот бүлгийн хүмүүст хүргэх ёстой хороо, хэсгийн ахлагч нар хүнсний та

27/11/2020

Гурван өрөө байрны мөнгөөр сандал ширээ авч тансаглажээ | DAAM.MN

Эрдэнэт үйлдвэрийн санхүү эрхэлсэн орлогч захирал Д.Үүрийнтуяа гэдэг эмэгтэйг Говьсү

24/11/2020

“ Энх саран “ сувилалыг сайд Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүлийнхэн эзэмшдэг | DAAM.MN

“Энхсаран” сувилал хэнийх вэ? Энэ асуултад улс төрчид хариулж чадахгүй бол сэтгүүлийн хувьд х

22/11/2020