
БНХАУ-ын Шанхай хотын Эрүүл мэндийн комисс, шинэ төрлийн коронавирусээр халдварласан нэгэн өвчтөнд хийсэн эмчилгээ амжилттай болсон тул эмнэлгээс гаргасан тухай мэдээллээ. 56 настай Чен гэх эл эмэгтэй нэгдүгээр сарын 12-ны өдөр уушгины хатгалгааны шинж тэмдэгтэйгээр Шанхай хотын эмнэлэгт хүргэгдэн ирсэн ба, шинжилгээгээр тус вирусээс халдварласан нь тогтоогдсон байна.
Ийнхүү эмчилгээ хийж эхэлснээс зургаан өдрийн дараа түүний амьсгалын эрхтэн системийн зовуурь саармагжиж эхэлсэн аж. Улмаар хоёр удаагийн цусны шинжилгээ хийхэд бие дэх шинэ төрлийн коронавирус нь идэвхгүй гарсан тухай Beijing Daily сонинд бичжээ. Өвчтөн эмнэлгийн хөл хорионоос суллагдсан байна. Чен гэх уг эмэгтэй халдварын голомт болох Ухань хотод амьдардаг байсан гэнэ.