
Монгол Улсын хүн амын дунд коронавирусийн халдвар анх 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш дотоодын халдварын тохиолдол өнөөдөр 2,178 болоод буй.
Гурван сар гаруйн хугацаанд шинээр бүртгэгдсэн COVID-19-ийн 2,000 гаруй тохиолдлыг 500, 500-аар нь багцалж, хэд хоногийн хугацаанд дотоодын халдвар 500 тохиолдлоор нэмэгдсэнийг тооцоолж үзлээ.
Ингэхэд, эхний 500 тохиолдол 40 хоногийн хугацаанд бүртгэгдэж байсан бол хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар дотоодын халдварын тохиолдол ердөө 12 хоногийн хугацаанд 500-аар нэмэгдэж, 1,500-2,000 болсон байна. Энэ нь халдвар анх дотоодод бүртгэгдэж эхэлсэн үеэс гурав дахин хурдацтай тархаж байгааг харуулж байна.
Хоёрдугаар сарын 19-нөөс хойш зөвхөн сүүлийн гурван хоногт л гэхэд халдварын тохиолдол дахин 150 орчмоор нэмэгдэж, 2,178 болжээ.
Тэгвэл дотоодын халдвар 500-аар нэмэгдсэн хугацааг тооцож үзвэл,
- Эхний 500 тохиолдол 40 өдөрт /дотоодын халдвар нийт 500/
- Хоёр дахь 500 тохиолдол 27 өдөрт /дотоодын халдвар нийт 1,000/
- Гурав дахь 500 тохиолдол 22 өдөрт /дотоодын халдвар нийт 1,500/
- Дөрөв дэх 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,000/ бүртгэгджээ.
Өөрөөр хэлбэл, халдварын тархалт улам эрчимтэй нэмэгдсэнийг доорх үзүүлэлтээс харж болно.