Монголын говийн зэс Дэлхийн зах зээлд зэсийн үнийг тодорхойлно | DAAM.MN

23/02/2021 106

Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих зорилт тавьсантай холбоотойгоор шаардлагатай гол түүхий эд болох зэс, никелийн үнэ огцом өсч байна. Жилд 24 сая тонн зэс хэрэглэдэг, ирэх таван жилд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт анхаарахаа мэдэгдсэн БНХАУ-ын эдийн засаг хурдацтай сэргэж байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлж буй юм.

ТОНН ЗЭСИЙН ҮНЭ 10 МЯНГАН ДОЛЛАРТ ХҮРЭХ ҮҮ?

Лондоны Металлын биржид өнгөрсөн Даваа гариг /2021.02.23/-т тонн зэсийн фьючерс үнэ 9160 ам.долларт хүрч, сүүлийн 9 жилийн хугацаанд анх удаа 9000 ам.доллар давав. Үүнтэй холбоотойгоор “Citigroup” зэсийн үнэ ирэх нэг жилийн хугацаанд 10 мянган ам.долларт хүрэх төлөвтэй гэж мэдээлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, зэсийн үнэ ийнхүү огцом өсч буй нь түүхий эдийн үнийн дараагийн супер цикл эхэлнэ гэсэн эерэг хүлээлтийг нэмэгдүүлж байгаа аж.

Нөгөө талаар АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарсан нь зэс болон бусад металлуудын эрэлтийн төлөвт эергээр нөлөөлж буй юм. Тус улсын үйлдвэрлэлийн гарц, жижиглэн худалдааны борлуулалт нэгдүгээр сард өсөлттэй гарчээ. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 8633 ам.доллар хүрсэн нь 2012 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ. Тонн зэсийн ханш өсч, 10 мянган ам.доллар руу тэмүүлж буй нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломж юм.

Дүн шинжилгээний “Capital Economics” компани өнгөрсөн онд “2021 онд зэсийн үнэ 7500 долларт хүрч, Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд 10 мянган долларт хүрнэ” гэсэн таамаглал дэвшүүлснээ мэдээлж байв.

Шинжээчид мөн өнгөрсөн онд “Ирэх жилүүдэд зэсийн илүүдэл үүсч болзошгүй” гэсэн таамаглал дэвшүүлсэн ч өнөөдөр нийлүүлэлт буурч, зах зээлд хомсдол үүсэх эрсдэл тулгарчээ. Цар тахлын хямралаас алгуур ангижирч буй улс орнуудын хувьд эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд суурь металлуудын хэрэглээ өсч, эрэлт нийлүүлэлтээ давна гэж тооцоолж буй аж.

Шанхайн фьючерсийн биржийн мэдээллээр, агуулахууд дахь зэсийн нөөц буурч, сүүлийн 10 гаруй жилийн доод түвшинд хүрсэн нь зах зээлд хомсдол үүсэх магадлалтайг илтгэж байна. Энэ нь “Goldman Sachs”-ийн шинжээчдийн “2021 онд зэсийн зах зээлд их хэмжээний хомсдол үүснэ” гэсэн таамаглалтай ижил байгаа юм.

ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖ

Монгол Улсын 2021 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6500 ам.доллар/тонн байхаар тусгасан. Ханшийн уг төлвөөр Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 100.8 тэрбум төгрөг орох ба нийтдээ зэсийн баяжмалын орлогоос 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга энэ онд үлэмж хэмжээгээр өсч, улмаар зэсийн баяжмалын борлуулалтын орлогод эерэгээр нөлөөлнө гэж тооцоолсон.

Энэ онд дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, ашигт малтмалын салбараас орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад нөлөөтэйг эдийн засагчид дүгнэж буй.

Эдийн засагчид 2021 онд зэсийн ханш 7500 ам.доллар дээр тогтоно гэж өөдрөгөөр төсөөлж, баримжаа тооцоолол хийгээд, улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээ даруй 15 хувиар өсч, 1 их наяд 700 тэрбум төгрөгт хүрнэ гэж үзсэн. Цаашид цар тахал намжсанаар 2023 оныг дуустал манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий бөгөөд үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэхээр байна.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани 2020 оны үйл ажиллагааны тайландаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, олборлолт эхлүүлснээр 2028-2036 онд жилд 480 мянган тонн зэс олборлох боломжтой болно гэж дурдсан билээ. 2020 онд тус төслийн ил уурхайд 149.6 мянган тонн зэс олборлосон нь өмнөх оны дүнгээс хоёр хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнд олборлолт хүдрийн агуулга ихтэй үе рүү шилжсэн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: BLOOMBERG, CME GROUP, IME

Холбоотой мэдээ

Ж.Эрдэнэбат өндөр албан тушаалаа ашиглан лиценз наймаалцсан ч суллагдлаа | DAAM.MN

Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарын 3 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар,Чингэл

03/03/2021

У.ХҮРЭЛСҮХ ОГЦОРСОН УЧИР ХҮҮХДИЙН 100 МЯНГА БУЦААД 20 МЯНГА БОЛХООР ШИЙДЖЭЭ | DAAM.MN

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө буурч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж эхэлнэ Цар

03/03/2021

Ч.Ундрам гэх гишүүнцэр хүүхэд хулхидаж явсан Н.Уртнасангаа БОАЖ-ын сайданцар болгосон | DAAM.MN

Сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн фэйсбүүк хуудаснаа УИХ-ын гишүүн Ч.Ундрам, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарыг

03/03/2021