20-р зууны нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвалын намтар | DAAM.MN

05/03/2021 200

20-р зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал 1921 оны 2 сарын 23-нд Булган аймгийн Дашинчлан сумын нутагт төржээ.

Тус аймаг сумын харъяат ядуу малчин ард Чоймбол Удвалын төрсөн эцэг бөгөөд Гурванбулаг сумын харъяат Цэдэн эх нь юм байна. Чоймбол, Цэдэн нар бичиг үсэг сурсан хүмүүс байсан бөгөөд эх Цэдэн 1923 онд намд элссэн. Чоймболоос 20-иод насаар дүү байжээ. Эцэг эх нь удалгүй салж, Цэдэн Өмнөговь аймгийн Борын Соном гэдэг хүнтэй сууж Удвал хойт эцгийн нэрээр овоглох болжээ. Удвалыг 6-7 настай байхад тэднийх Булганаас нүүж Лүн, Улаанбаатараар дамжиж 1-2 жил болоод Өмнөговь аймагт шилжин очжээ. Тун удалгүй эх Цэдэн нас барж Соном нь дахин эхнэр авсан бөгөөд Удвал охин хүнд амьдралд нухлагджээ. Удвал охин өөрийн намтартаа Лүн сум, Улаанбаатар хот хоёрт нэг нэг жил сургуульд суусан гэж бичсэн байдаг. Авъяаслаг хүн учраас бичиг үсэг сайн сурч 7 настайгаасаа тал бичээч хийж эхэлсэн байна. Мөн 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд эвлэлийн байгууллагын даалгавараар Дотоод яамны гал командад бичээчээр ажилласан нь өнчин, ядуухүнд нормын цэрэг хувцас олгодог, мөн нөхөрсөг сайхан хамт олны дунд орсон нь түүний хувь заяанд чухал нөлөө үзүүлсэн байна.
Мөн энэ гал командад 1938 оны 5 сараас эмэгтэйчүүдийн зохион байгуулагчдын ажил эрхлэж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд оюутан болоод нэг жилийн дараа 1942 оноос ЗХУ-ын КУТВ-д буюу Дорно дахины их сургуульд суралцахаар яваад дайны жилүүд эхэлсэн учир Москвагийн хамгаалалтад сургууль нь хаагдсан учир 1944 онд нутагтаа эргэн ирмэгцээ өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон очжээ. Дараа нь 1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. Эдгээр сургуульд суралцах хооронд Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч (1947-1949), 1949-1954 онуудад Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга (1954-1957), Монголын Зохиолчдын Хорооны даргаар (1961-1973), 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны даргаар хавсран ажилласан байна.
Чухам 20-р зууны шинучлэлийн үед Монголын эмэгтэйчүүд нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших боломж нөхцөлийг сайжруулах, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цаг хорогдуулах, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэгэмж өгөх олгохзэрэг арга хэмжээг БНМАУ-ын АИХ, СнЗ-ийн, МАХН-ын Төв Хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрхийн систем бий болгосон билээ. Сөн зохих боловсрол, мэргэжилтэй эмэгтэйчүүдийг заавал болон зонхилон ажиллуулах ажлын байрны жагсаалт гаргах, удирдах ажилд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, бүх шатны депутатын , нам, олон нйитийн байгууллагын сонгуульт ажилд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, сонгох, их дээд сургуулийн оюутнуудын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлэн заасан тогтоол шийдвэрийг батлуулан, хэрэгжилтийг эмэгтэйчүүдийн байгууллага хариуцаж жил бүр тайлан гаргаж НТХ-д мэдээлдэг байсан. Дээр дурдсанаар нэгэнт намын байгууллага, өөрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ард түмний эмэгтэй хэсгийн дунд ажиллуулахаар намын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн байгууллагыг бий болгосон учраас намын их бүгд хурлуудаар эмэгтэйчүүдийн байгууллагын ажилд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтыг нь тогтоол шийдвэртээ тусгадаг байсныг 1925 оны МАХН-ын Төв Хорооны бүгд хурлын материаллаас эхлэн 1985 оныг дуусталх МАХН-ын шийдвэрээс харж болно.
С.Удвал эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх, оюун мэдлэгийн өргөн хүрээтэй сэтгэлгээтэй, гоо үзэмж төгөлдөр орчин үеийн эмэгтэйчүүдийг төлөвшүүлэхийн тулд чухам оюун ухаанаа чилээж, дэлхий ертөнцөд эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах ямар арга хэлбэр байна, түүнийг судлаж өөрийн орондоо хэргэжүүлэх, эмэгтэй хүнийг бодьгал, хувь хүнийх нь хувьд хөгжүүлэхийн төлөө уйгаагүй, хувь хүнийх нь хувьд хөгжүүлэхийн төлөө уйгаагүй хөөцөлдөж асуудал дэвшүүлэх, хууль эрхийн акт гаргуулах, удирдах хүмүүст ойлгуулах, шардах шүүмжлэх бүх л аргыг цуцалтгүй, тууштай тэмцэж ирснийг мэдэх хүмүүс тэмдэглэн бичсэн нь олонтаа.
ХАА, үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт өндөр амжилт гаргасан эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг төр засгийн хэмжээнд үнэлүүлэх, мал аж ахуй эрхлэж буй эмэгтэйчүүдийн дунд олон төрлийн соёл хүмүүжлийн ажил зохиох, малын төл бойжуулах, сүү тосны төлөвлөгөөг монголын нийт хүн ам биелүүлэхэд тэдний оролцоог идэвхжүүлэх зэрэгт ихээхэн анхаарал тавьж, чухам 20-р зууны хоёрдугаар хагасад Хөдөлмөрийн баатар, Аврага малчин, саальчин, Гавъяат цолтой эмэгтэйчүүд олноороо төрсөн нь тэдний төлөө анхаарал, санаа тавьж, хөөцөлдөж байдаг байгууллага, дайчин шурхай, идэвхитэй, агуу сэтгэлгээтэй Удирдагч Удвалын өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой.
Монгол орны нүүр царай болсон хот суурин газрын соёлжилт, цэвэр цэмцгэр байдлыг хангах, нийт хүн амын хувийн ариун цэврийг сайжруулах талаар орон даяар зохиогдож байсан шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх, ахуйн соёлыг дээшлүүлэх талаар явуулсан бараг хагас зуун жилийн үйл ажиллагаанд С.Удвал Монголын эмэгтэйчүүдийн бүх шатны байгууллага, идэвхтэн сонгуультнуудаа дайчлан оролцуулж, чухам л албан газар, үйлдвэр үйлчилгээний бүхий л газар, айл өрх болгоны хаалгыг тогшиж хуучин хоцрогдсон хэвшлийг өөрчлөхөд алхам алхамаар нөлөөлсөн гэж үзэх үндэстэй юм.
С.Удвал боловсрол, мэдлэгтэй, удирдан зохион байгуулах авъяастай эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд дэвшүүлэх, боловсон хүчний нөөцөд оруулах, тэднийг дараагийн шатны сургууль курст явуулах, томоохон арга хэмжээ, олон улсын хурал зөвлөгөөнд оролцуулах, тэдний тухай төвийн хэвлэлд бичих, илтгэл хэлэх үгэнд оруулах зэргээр нэр хүндийг нь өргөж, үүгээрээ олон эмэгтэйн хувь заяанд сайн нөлөө үзүүлж байсанд түүний өргөн цар хүрээтэй сэтгэдэг, Эх хүний өгөөмөр зантай агуу чанар оршино. Тийм ч учраас 1970-1980-аад онуудад төрийн яамдын нэг орлогч сайд болон эмэгтэйчүүд олноор ажилладаг үйлдвэр аж ахуйн газрын дарга, захирлаар эмэгтэйчүүд томилогдон ажиллаж байсан болно.
С.Удвал тэр үеийн нам, төр, олон нийтийн томоохон байгууллагуудад сонгууль хүлээж хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэй байсны зэрэгцээ утга зохиолын бүх хэлбэрээр чадамгай бичдэг зохиолч хүн байснаараа, өөрийгөө дайчилж хичнээн ажил амжуулж, зохиол бүтээл туурвиж, гэр орны болон үр хүүхдээ өсгөх зэргийг зэрэгцүүлж болдгийг амьдрал дээр харуулсан, бусдад үлгэр дууриал үзүүлсэн бүтээлч эмэгтэй байлаа. Ардын хувьсгалын жилүүдэд өсч өндийж мэдлэг боловсрол эзэмших, хийж бүтээх агуу тэмүүлэлтэй эгэл жирийн боловч, “Ховор” хүмүүс, эмэгтэйчүүдийн хэв шинжит олон дүр бүтээсэн өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино олныг бичсэн төдийгүй Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь бие хайргүй тэмцсэн бодит Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг бүтээсэн роман “Их хувь заяа” зэргээрээ 1978 онд БНМАУ-ын Төрийн соёрхол хүртсэн юм.
Монгол улсын эгэл жирийн эмэгтэйчүүдийнхээ төлөө, Монголын зохиолч, уран бүтээлийнхээ төлөө С.Удвал хэнтэй ч уулзаж асуудал тавьж, хэний ч өөдөөс сөрж зогсож чадаж байсныг, хаана хамгийн бага цалинтай хүнд хэцүү хөдөлмөр эрхлэж байгаа эмэгтэйчүүд байна, тэдний хөдөлмөрийг үнэлүүлэх, урам зориг харйлах, хаана хүний төлөө шинийг сэдэж бүтээж байна түүнийг олны сонорт хүргэх талаар байнга санаа тавьж байсныг нь хамтран зүтгэгчид, үе тэнгийнхэн нь нэгэнт тэмдэглэн үлдээсэн байдаг билээ.
Гадаадын элчин, өндөр хэмжээний зочид төлөөлөгчидтэй уулзахдаа өөрийн эх орондоо хэрэгтэй тусламж болон тухайн орны ямар ололт туршлагыг манай улсад хэрэгжүүлэх , эмэгтэйчүүд зохиолчдын уулзалт, семинар зохиох, туршлага солилцох зэргээр ажлын ямар шинэ хэлбэр байж болох талаар санаа өгөх, хамтран ажиллах тохиролцоо хийх зэргээр ажил хэрглэгчээр ханддаг жинхэнэ оронч хүн.
С.Удвал өөрөө гурван хүү, нэг охин төрүүлж бүгдийг мэргэжил боловсрол сайтай иргэд болгон өсгөсөн, ач зээ нарынхаа төлө хайр халамж, сэтгэл зүрхээ зориулсан ачит ээжий нь байлаа.
Олныг хамарсан, далайцтай нэг ажил өрнүүлээгүй жил гэж С. Удвалд байгаагүй. Монгол орон, Социолист нөхөрлөлийн орнуудын янз бүрийн төвшинд зохиогдсон хурал, чуулган, энх тайвныг хамгаалах дэлхий нийтийн олон арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ улс төр, соёлын томоохон зүтгэлтнүүдийн анхааралд өртөх гүн хэлдэг, түүнээ хэрэгжүүлэх далайцтай арга хэмжээг эх орондоо зохиоход санаачлагатай, хариуцлагатай ханддаг учраас Олон улсад нэр хүндтэй Монгол эмэгтэй дэлхийн бусад орны шагналыг хамгийн олон хүртсэн эмэгтэй байсан юм.
С.Удвал 1965 онд Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит Алтан медаль, 1973 онд Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлийн шагнал, 1978 онд ЗХУ-ын “Ард Түмний Найрамдал” одон, мөн онд БНМАУ-ын төрийн шагнал, 1946, 1966 онуудад “Алтан гадас” одонгоор хоёр удаа, 1956 онд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одон, 1971 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнагдсан, өөрөөр хэлбэл өдий зэргийн гадаад дотоодын олон одон медалиар шагнагдсан өөр монгол эмэгтэй бараг байхгүй л болов уу даа. Өөрийн толгойлж удирдаж байсан Монголын Зохиолчдын Эвлэлийн хороог байгуулагдсаны 50 жилийн ойгоор нь Сүхбаатарын одонгоор, мөн Монголын Эмэгтэйчүүдийн Хороог 50 жилийн ойг тэмдэглэсэн 1974 онд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан нь манай оронд төрийн бус байгууллагыг Төрөөс одонгоор шагнуулсан сүүлчийн тохиолдол байж мэдэх юм даа.
С.Удвал гуай амьд сэрүүн ахуйдаа гавъяа шагналаар дутаагүй ч уулын өндөр холдох тутмаа тодордогийн жишээгээр өнгөрсөн зууны хоёрдугаар хагасад монголын эмэгтэйчүүдийг өнөөгийн эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, гоо үзэмж төгөлдөр бүсгүйчүүд болох эхлэл, суурийг нь эрт тавих үйл хэрэгт ухамсарт амьдарлаа зориулсан, нийгмийн шаардлагаар бидэнд заяасан Түүхэн Хатан, чухам “Зууны Манлай” удирдагч эмэгтэй болохыг 20-р зуунд амьдарлынхаа талыг элээсэн эмэгтэйчүүд эхчүүд ам бардам хэлнэ.

20-р зууны дунд үеийн тоо баримт, тодруулга
Манай улсад 1920 онд анх 20 хүнтэй эмэгтэйчүүдийн бичиг үсгийн дугуйлан байгуулж байсан бол 1931 онд 2000 эмэгтэй бичигтэн болж, 1963 онд 509 мянган эмэгтэйчүүдийн 90 хувь нь бичигтэн болсон тоо баримт байдаг.
1931 оны 7 сард хуралдсан Монголын Эмэгтэйчүүдийн 1 дүгээр их хуралд хөдөөнөөс ирсэн төлөөлөгч эмэгтэйчүүд хувцас хунар муутай, харц ядуу бүсгүйчүүд байсан учир юуны өмнө улсаас тэднийг хувцаслаж, бүгдэд ижил ногоон дээл оёулж, савхин гутал олгосон бөгөөд хурлын дараа сэргэлэн авьяаслаг эмэгтэйчүүдийг шууд бичиг үсгийн бүлгэмд суулган анхан шатны сургалтанд хамруулаад, сайн суралцсан болон хүсэл сонирхолтой эмэгтэйчүүдийг сувилагч, багшийн курст шилжүүлсэн түүхтэй.
Тэгвэл 1940 онд дээд сургуулийн оюутны 38,0 хувь нь эмэгтэйчүүд болсон байсан бол 1980 онд 56,4 хувь болж өсчээ. 1940 онд улсын хэмжээнд хүүхдийн 6 цэцэрлэгт 140 хүүхэд хүмүүжиж байсан бол 1980 онд 617 цэцэрлэгт 50 мянга орчим хүүхэд, яслийн тоо мөн онд 400-д хүрч 20-иод мянган хүүхэд хамарч байв.
1965 онд хүний их эмч нарын 42,2 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 1980 онд 61,2 хувь нь болж өссөн байна.
1926 онд Эрүүлийг хамгаалах газрын комиссын нахдугаар хурлаас “…Европ болон Төвд ёсны эмч сувилагч нарын 6 сарын курс байгуулахаар тогтож, Бага эмчийн курст 35 хүртэлх насны, боловсролтой 30 хүнийг, тэдний 20-ийг нийслэлээс, 10-ыг нь хөдөө орон нутгаас суралцуулах, асрагч сувилагч нарын курсийг 30 хүртэлх насны бичиг үсэг сайн төсөөлдөг эмэгтэйчүүдийг суралцуулах, түүнд тэнцэх 15 хүнийг даруй ирүүлэхийг НХТ-ны эмэгтэйчүүдийн хэлтэст хүссэн байна. (Эрүүлийг хамгаалахын түүхээс)
Эдгээр цөөхөн тоо баримт нь 1925 оноос 1982 оны эхэн үеийг хүртэл Монголын эмэгтэйчүүдийн цорын ганц байгууллага бөгөөд цаг үе, нөхцөл байдлын улмаас нэрээ өөрчлөх шаардлага гарч байсан ч Монгол орны зүс царай болсон нийт эмэгтэйчүүдийн дэвшил хөгжлийн төлөө гэсэн нэг л зорилго, бодлого агуулсан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны үйл ажиллагааг удирдаж байсан Н.(Сүхбаатарын) Янжмаа, С. Удвал нарын уйгагүй зүтгэл, оюун ухаан, сэтгэл зүрхний халуун тэмүүлэлтэй холбоотой болохыг түүх гэрчилнэ.

Холбоотой мэдээ

Ю.Цэдэнбалын тухай дурсамжууд | DAAM.MN

"Дарга хэдэн цагт унтсанаасаа үл хамаараад өглөө яг 6 гэж босно. Ингээд 7:30 гэж ажилдаа ирээд, 10

15/03/2021

20-р зууны нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвалын намтар | DAAM.MN

20-р зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удв

05/03/2021

Л.Түдэв: Монголчууд хэзээ мөхөх вэ | DAAM.MN

Нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуай 1996 ийм нэгэн өгүүлэл бичиж байж. Өгүүллийн илэрхийлэх сана

01/03/2021